I Павел

I Павел Петрович (1754 оны 9-р сарын 20-нд Санкт-Петербург хотод төрсөн-1801 оны 3-p сарын 11-нд нас барсан) Оросын эзэн хаан.

I Павел

Дотоод бодлогодоо тэрээр язгууртнуудын давуу эрхийг хязгаарлаж, төрийн удирдлагыг төвлөрүүлж, хүнд сурталжуулах чиглэлийг баримталсан байна. Цэргийн хөгжлийн салбарт тэрээр Пруссын цэргийн удирдах загварыг баримталж, армийг мэргэжлийн түвшинд хүргэхийг хичээж байв. Гадаад бодлогын хувьд тэрээр Францын эсрэг 2-р эвслийг байгуулахад оролцсон боловч 1800 онд эвслийг түүнийг орхиж, Наполеоны Францтай ойртож Английн эсрэг бодлого баримталж эхлэв.

Намтар

Тэрээр Гольштейн-Готторп-Романов удмын юм. III Пётр, хатан хаан II Екатерина нарын хүү нь юм. III Пётр хаан согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байсан тул хүүхэдтэй болох чадваргүй байсан гэдэг домог яриа бий. II Екатерина эхлээд Чоглоков, дараа нь Салтыков гэдэг түшмэлтэй янаг амрагийн холбоотой болжээ. Угсаа залгамжлагчтай болохыг мөрөөдөж байсан III Пётр хаан энэ бүхнийг мэдсэн ч мэдээгүй мэт дүрс эсгэж байсан гэдэг. Хожим хойно I Павел бол Екатеринагийн ч хүү биш гэсэн дэл сул яриа гарсан юм.

1874 онд Лайпциг хотод хэвлэгдсэн “I Павел хааны намтар” гэдэг номонд II Екатерина нь нууц амраг Сергей Салтыковоос хүүхэд олсон гэдэг байна. Гэвч Екатеринагаас амьгүй хүүхэд төрсөн байна. Иймээс I Павел бол Екатеринагийн хүү гэх нь бүү хэл, орос үндэстэн мөн гэхэд ч эргэлзээтэй болжээ. I Павел хүүхэд байхаасаа л бие султай, эрүүл мэнд муутай, хүрээлэн байгаа орчиноосоо үргэлж айж болгоомжилдог байжээ. 1773 онд I Павел 20 нас хүрээд Вильгельминий гүнжтэй (Орос нэр нь Наталья Алексеевна) гэрлэсэн байна. Гэвч 3 жилийн дараа эхнэр нь төрөлтийн хүндрэлээс болж нас баржээ. 1776 онд Павел Вюртембергийн гүнж Софи Доротетэй (орос нэр нь Мария Федоровна) гэрлэв. Оросын хатан хаан II Екатерина нь хүү I Павелыг улс орныг удирдах ажлаас хол хөндий байлгахыг чармайж байлаа. Тэр ч бүү хэл II Екатерина хүү Павелд хаан ширээ залгамжлуулахаас татгалзаж байв. 1796 оны 11-p сарын 6-нд хатан хаан II Екатерина таалал төгсжээ. Түүний үхэл I Павелд хаан ширээнд суух замыг нээж өгөв. I Павел хаан ширээнд суумагцаа өөрийн эх II Екатеринагийн 30 жилийн турш хийсэн бүхнийг өөрчлөх болжээ.

1797 онд хаан ширээ залгамжлуулах тухай хуулийг I Павел хаан батлав. Энэ хуулийг 1917 онд хүртэл хүчин төгөлдөр мөрдөж байлаа. Оросын язгууртнуудыг албан тушаалтан болгох хувиргах, зэвсэгт хүчиндээ Прусс улсын мөрддөг дэг журмыг авч хэрэгжүүлэх гэж чармайв.Мөн хилийн чанад руу ном хэвлэл зөөх, элдэв төрлийн бүжиг, үсний засалтыг хаан хориглов. I Павел гадаад бодлого явуулахдаа тун тааруу хүн байжээ. Орос улс Европ дахь холбоотоноо байнга сольж байлаа. 1798 онд Орос улс Францын эсрэг эвсэлд нэгдэв. Александр Суворов оросын зэвсэгт хүчний командлагчаар томилж Итали, Швейцарь руу аян дайн хийжээ. Англичууд Мальта арлыг эзлэн авахад I Павел хаан дэмжиж байлаа. Дараа нь Павел бодлогоо өөрчилж Францтай нэгдэж, Английн эсрэг тэмцэх болов. 1801 оны 1-p сарын 12-нд Павел хаан Доны атаман Орлов тэргүүтэй цэргүүдийг Энэтхэг рүү довтлох тушаал өгчээ. Гэвч энэ дайнд оросууд хохирол их амссан юм. I Павел хааны бодлого, шийдвэрийг нийгэм хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Иймээс түүний эсрэг хуйвалдаан зохион байгуулагдах болов. 1801 оны 3-p сарын 11-нд Михайловын цайз дахь унтлагийн өрөөндөө хааныг согтуу цэргийн офицерууд хоолойг нь боож егүүтгэсэн байна. Харин эзэн хаан өвчин тусаж үхсэн гэж ард түмэнд тайлбарлажээ. Санкт-Петербург хотын Петропавловын чогчин дуганд хааныг оршуулжээ.

Өмнөх
II Екатерина
Оросын хаан
1796—1801
Дараах
I Александр