Загалмайтны анхны аян

Загалмайтны анхны аян (Англи: First Crusade) нь Христийн тооллын 1095 онд эхэлсэн ба Загалмайтны аян дайнуудын анхдагч юм.

1095 оны 3-р сард Византийн эзэн хаан Алексиус I-ын элч Пиасенц хотын хамба Ромд ирж паптай уулзан Византийн эзэнт улсад аюул занал учруулж байгаа Сельжук түрэгүүдээс хамгаалахыг гуйжээ. Ромын пап II Урбан үүнийг нааштай хүлээн авсан байна. Тэрээр дараа жил нь бүхий л Христийн шашинтнуудад хандан түрэгүүдийн эсрэг дайнд хамтран тэмцэхийг уриалж, Клермонтын зөвлөлийг зохион байгуулсан бөгөөд уг дайнд оролцох нь ариун үйл хэрэг ба дайнд амь үрэгдвэл нүгэл хилэнц нь саадгүй арилна гэж айлдсан гэдэг. Ингэж анхны Загалмайтны аян дайн эхлэв. Загалмайтнууд Дорилаиум ба Антиохт хоёр удаа түрэгүүдийг ялсан байна. Энэ нь тэдэнд урам зориг өгч нэгдсэн хүчний зарим хэсэг нь Иерусалим руу аян хийжээ.

Мааррат ба Иерусалимыг эзэлсэн нь

1098 оны төгсгөлөөр загалмайтны цэргүүд өнөөгийн Сирийн нутагт Фатимидын угсааны Арабын харъяа Мааррат Аль Нуман хотод хүрч, түүхэнд Маарратын бүслэлт хэмээн тэмдэглэгдсэн маш харгис хэрцгий тулааныг хийжээ. Хотыг бүслэх явцдаа загалмайтнууд хүнсний хангалт байхгүй, өлбөрлийн туйлд хүрсэн байна. Хотын иргэд өөрсдийн хүчиндээ эрдэн, загалмайтнуудыг үл тоомсорлон элэглэн шоолж байсан гэдэг. Загалмайтнууд довтлолгүй хоёр долоон хоног бүслэн, энэ хоорондоо хэрэм давах багаж бүтээж, загалмайтны явган цэрэг хана давахаар довлох үед хүлэг баатрууд нь хотын нөгөө талаас довтолжээ. Бүтэн хоёр өдөр тулалдсаны эцэст загалмайтнууд 1098 оны 12-р сарын 12-нд Мааррат хотыг буулган авав. Гэвч Мааррат хотод загалмайтнуудыг хангах хоол хүнс байсангүй. Загалмайтнуудын ихэнх нь Иерусалим орох туйлын хүсэлтэй байсан ба хоорондоо бага зэрэг зөрчилдсөн ч эцэстээ цааш явахаар шийдсэн байна. Загалмайтны удирдагчид ихэнх цэргээ авч, хүний хүүрээр дүүрэн Мааррат хотоос зайдуухан байрласан бол хотод үлдсэн загалмайтнууд мусульмануудын хүүрээр хооллон амь зогоосон гэдэг. Хүний мах идэх үзэгдлийг каннибализм гэдэг бөгөөд Арабын түүхчид загалмайтнуудын харгис хэрцгий, ёс бус байдлын энэ жишээг тэмдэглэн үлдээжээ.

Маарратыг эзэлсний дараа харгислал үйлдэж байгаа нь.

Загалмайтнууд өөрсдөө пап II Урбанд бичсэн захидалдаа:

“... Маарратыг бүсэлсэн арми хэлж баршгүй хэцүү хүнд зовлонг амсаж, арга буюу сарацинуудын махыг идэхэд хүрсэн ...”

гэжээ.

Маарратын бүслэлтэнд оролцсон Каннын Ральф өөрийн тэмдэглэлдээ:

“... Мааррат дахь манай цэргүүд буруу номтнуудын насанд хүрснийг нь хоолны тогоондоо чанаж, балчир хүүхдүүдийг нь шорлон түүдгийн галд шарж идэцгээж байв...”

гэсэн байдаг. Загалмайтнууд Маарратыг сүйтгэсний дараа өмнө зүгт Иерусалим руу урагшлав.

1099 оны 6-р сарын 7-нд загалмайтнууд Иерусалимд хүрч есөн хоног бүсэлсний эцэст авчээ. Загалмайтнууд 1,500 хүлэг баатар, 12,000 явган цэрэгтэй байсан бол лалын шашинт Иерусалимын хамгаалагчид дөнгөж 1,000 цэрэгтэй байв. Загалмайтнууд хотыг бүслэн ширүүн дайрсны үр дүнд хотыг бүрэн эзэлж авсан байна. Улангассан загалмайтнууд хотыг авмагцаа хотын иргэдийг яргалан хяджээ. Энэ хядлагад лалын шашинтнууд, еврей нар ихээхэн өртсөн бөгөөд христийн шашинтнууд ч үрэгдсэн гэдэг аж. Нийтдээ 40,000 орчим энгийн иргэн алагдсан гэж тэмдэглэгдэн үлджээ. Үүнийг анхны холокост гэж нэрлэх явдал байдаг.


1101 онд анхны загалмайтны аянд оролцогчид амжилтгүй аян хийсэн байна. Энэ аянг Туулайн зүрхтнүүдийн аян гэж хочлох нь байдаг.

Баримтууд

  • 1096-1099 оны хооронд дөрвөн жилийн хугацаанд явагдсан энэ аян дайн нь Израйль, Левант, Анатолид өрнөжээ.
  • Тэдний эсрэг Сельжук түрэгүүд, арабчууд болон бусад лалын шашинтнууд зогсож байлаа.
  • Аян дайнд бүх Христийн ертөнц, тэр дундаа Баруун Европын католик шашинтнууд, Киликийн Арменийн хаант улс оролцжээ. Аян дайнд цэрэг эрсээс гадна өвгөд хөгшид, бичгийн хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүд явж байсан бөгөөд нийт тоо нь 100,000 гаруй болж байв. Франц, Германы нутгаас ирсэн загалмайтнууд нь анти-семитик үзэлтнүүд байсан тул лалын шашинтнууд болон еврейчүүдэд онцгой харгис ханддаг байжээ.
  • Дан хунтайж, язгууртнуудаас бүрдсэн анги аянд оролцсон гэдэг.
  • Аян дайны үр дүнд Христийн шашинтнууд шийдвэрлэх ялалтыг байгуулж, газар нутгийг хяналтандаа авчээ. Анатоли, Левант нутагт Христийн шашинт хаант улсууд байгуулагдаж, Иерусалимын хаант улс үүсчээ.

Үр дүн

Загалмайтны анхны аян дайны үр дүнд Иерусалимын хаант улс тэргүүтэй салангид бие даасан шинжтэй олон жижиг хаант улсууд үүсч, үндсэндээ амжилттай явагдсан ч маш үлгэр дуурайлгүй, харгис хэрцгий болжээ. Анхны аян дайнаас хойш Загалмайтнууд хэмээх нэр бий болж, тэдний нэртэй холбоотой аян дайн 200 орчим жил үргэлжилсэн байна. Гэхдээ зарим нь өөрсдийгөө мөргөлчид, аянчид, бадар баригч нар хэмээн нэрлэдэг байв.

Загалмайтны аян дайн нь дундад зууны Европын хүн амын шилжих хөдөлгөөнд хүчтэй нөлөө үзүүлсэн ба Ойрх Дорнод, тэр дундаа Левант нутгийн хүн ам зүйн бүтцэд том өөрчлөлт оруулжээ.

Шашны төлөө, сүмийн эрх ашгийн төлөө тулалдаанд оролцож байсан Европын дайчид нь загалмайтнууд болон мөргөлчид гэж хуваагдаж байсан ч үнэндээ нэг үзэл санаатай байсан юм.

Загалмайтны анхны аян дайн нь дундад зууны түүхэнд баларшгүй ул мөр үлдээжээ.

Эх сурвалж

Анхдагч эх сурвалжууд

Анхдагч эх сурвалжууд (он-лайн)

Хоёрдогч эх сурвалжууд

Намтарууд